info@nature.bu.gov.mn      (+976) 7034-3322

ӨНӨӨДӨР “БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ӨДӨР”


Image

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2001 оны 2 дугаар сарын 8-ны тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ өдөр нь биологийн олон янз байдлыг ойлгох, үнэлэх, хамгаалах дэлхийн хэмжээний уриалга бөгөөд зөвхөн нэг өдрийн үйл ажиллагаа бус, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүй, тогтвортой хөгжлийн үндэс суурийг бататгах зорилготой юм.
Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээр оршин буй амьд биетэн, тэдгээрийн амьдрах орчин, хуурай газар, далай тэнгис, усан орчны экосистем, амьтан, ургамал, бичил биетэн болон тэдгээрийн генетикийн түвшинд илэрхийлэгдэх олон талт, иж бүрэн цогц ойлголт юм.

2025 онд энэхүү өдрийг дэлхий нийтээрээ “Байгальтай зохицсон, тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш дэлхийн иргэдэд хандан хэлсэн үгэндээ дараах уриалгыг дэвшүүллээ:

“Биологийн олон янз байдал бол амьдралын суурь, тогтвортой хөгжлийн тулгуур багана юм. Гэсэн хэдий ч хүн төрөлхтөн богино хугацааны ашиг сонирхлоос үүдэн бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, экосистемийн доройтол зэрэг олон хүчин зүйлээр дамжуулан түүнийг устгаж байна. Бид үйлдвэрлэл, хэрэглээ, байгальтай харьцах хандлагаа өөрчлөх шаардлагатай. Кунмин-Монреалийн Биологийн олон янз байдлын хүрээг хэрэгжүүлж, тогтвортой амьжиргааг дэмжих, ногоон эдийн засгийг хөгжүүлэх цаг нь ирсэн. Энэ бол хүн төрөлхтний хамтын хүчин чармайлт шаардсан сорилт бөгөөд үүнд бид бүгд оролцох ёстой.”
Монгол Улсад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас энэ өдрийг тохиолдуулан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Үүнд:
🐶Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулах;
🐻Талуудын оролцоо, саналыг тусгах;
🦊Биологийн олон янз байдлын тухай суурь ойлголтыг түгээх;
🐰Орон нутгийн оролцоог нэмэгдүүлэх;
🦆Хүүхэд, залуучуудад чиглэсэн боловсролын болон соён гэгээрүүлэх арга хэмжээг өрнүүлэх ажлууд багтаж байна.

Энэ өдрөөр дамжуулан хүн төрөлхтөн бид байгальтайгаа зохицон амьдрахын утга учрыг ухамсарлаж, тогтвортой хөгжлийн төлөөх хариуцлагатай алхмаа хамтдаа хийхийг уриалж байна.

  Байршил

Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

  Холбоо барих
  Булган аймгийн Байгаль орчны газар

Хаяг: Булган аймаг Булган сум 1-р баг Байгаль орчны газар

Утас : (+976) 7034-3322
И-мэйл : info@nature.bu.gov.mn
Цагийн хуваарь : 09:00 - 13:00, 14:00 - 18:00